Ертөнцийг харах цонх болсон хөгжлийн үзэл баримтлалууд хэрхэн өөрчлөгдөж байгааг өөрийнхөө олж мэдэж, тусгаж авснаар, хэдэн суурь онол дээр үндэслэн энгийнээр тайлбарлах гээд оролдоё.
Адам Смитийн “Үндэсний Баялаг” зохиолоос эхлэлтэй өнөөгийн капиталист үзэл онолын суурь Экономиксийн онолд эдийн засгийн нөөцүүд хязгаарлагдмал, харин нөгөө талд нь хүн төрөлхтөний эрэлт хэрэгцээ хязгааргүй гэж үздэг. Хязгааргүй хэрэгцээг хязгаартай нөөцөөр хангахын тулд гарцаагүй өрсөлдөх хэрэгтэй болох нь эндээс тодорхой харагдаж байна. Энэ бүхэн эдийн засгийн онолын зах зухаас сонссон хэн бүхэнд маш энгийн, мэдээжийн санагдаж байгаа биз. Гэвч энгийн, мэдээжийн болтлоо бидний тархинд суусан энэ үнэн маань хэр бодитой вэ? Энэ үзэл онолоор явсан капиталист ертөнцийн хөгжил өнөөдөр яагаад хана мөргөөд мухардалд орсон вэ? Хаана нь ямар алдаа гарав? Ямартай ч эдийн засгийн хүн гэж тусгайлан авч үзэж, ялган тайлбарласан үзэл онолууд өнөөдөр хүний хөгжил, оюун санааны хэрэгцээ, сэтгэл ханамж, үүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн үзэгдлүүдийг бүрэн тайлбарлаж чадахгүй байна.
Барууны орнуудын тэргүүлэх их дээд сургуулиудын судалгаанууд өнөөдөр хөгжлийн алдааг нийгмийн суурь онолоос хайж, шалтгааныг нь бараг л олоод байна гэж уралдан илэрхийлцгээж эхлээд байна. 2013 онд би “Хөгжлийн семинар” гэдэг хичээлийг Боловсрол телевизтэй хамтран хийж, магистрийн оюутнуудтайгаа тухайн үеийн шилдэг гэсэн сэхээтнүүд, бодлого боловсруулагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг урьж ирүүлээд бүгдээс нь ганц асуулт буюу “Хөгжил гэж юуг хэлэх вэ?” гэдэг асуултыг тавьж яриулдаг байлаа. Яг тэр үед “Social Baseline Theory” боловсрогдож байсан юм билээ. Энэ бол одоо баруунд хүчээ авч байгаа нийгэм эдийн засгийн суурь онолын шинэ хандлагыг бүрэн илэрхийлэх онол юм. Гол санаа нь хүн төрөлхтөний амьд үлдэж, хөгжиж чадсан шалтгааныг ямар нэгэн таатай нөхцөл ч биш, орчиндоо хурдан дасан зохицох чадвар ч биш, харин харилцан хамт байж, нийгмээрээ хамтарч чаддаг болж зохицсонд оршдог гэж үзсэн Дарвины эвольюцийн онолоос эхлэлтэй гэж үздэг.
Сүүн тэжээлтэн сүргийн амьтдын хувьд сүргийн нэг гишүүний хувьд харилцан итгэлцэл дээр суурилан, ганцаараа байснаас хамаагүй бага энерги зарцуулснаар, энергийн хуримтлал үүсгэж, тэрхүү хуримтлагдсан энергиэ үржих, хөгжих хэрэгцээндээ зарцуулдаг байна. Энэ талаар хийгдсэн олон судалгаа байдаг юм билээ. Хүмүүс бие биетэйгээ харилцан хамааралтай, хамтран оршиж чаддагийнхаа хүчинд бие биедээ найдаж, амар тайван байх, ингэснээр энерги хэмнэх горимд шилжиж, улмаар илүүдэл энергиэ үржих, хөгжихдөө зарцуулах замаар байгалийн шалгарлыг даван, амьд үлдэж ирсэн гэж энэ онолд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл бид өрсөлдөж биш, харин хамтарч нэгдэж байж хүчтэй, тайван тогтвортой оршдог. Энэ бол хүн төрөлхтөний оршин тогтнох, хүчтэй байхын цаад нууц. Энерги хэмнэлтийн энэ хуулиар аюулаас сэргийлэх, тулалдах, зугтах гэх мэт бидний амьтанлаг зөн мөн л тайлбарлагдах бөгөөд ийм зөн сэргэсэн үед бидний бие махбодь өөрийгөө аврахын тулд стрессийн системээ ажиллуулж, аюулыг даван туулах тохиргоогоо хийдэг. Бүхий л энергийн нөөцөө тэрхүү аюулыг давахын төлөө татан төвлөрүүлснээр энгийн тайван үед ажилладаг хоол боловсруулах болон үржих, хөгжих функцүүд хязгаарлагддаг гэсэн үг.
Хүн төрөлхтөний хувьд харилцан зохицох, нэгдэх нь амьд үлдэх байгалийн шалгарлын арга нь юм бол бүлэг доторх ховор хомс нөөцийг тэгээд хэрхэн хуваарилах юм бэ гэдэг асуулт зүй ёсоор ургаж гарч ирнэ. Бүлгээр амьдрах, нийгмээр оршихын тулд тэр бүлгийн доторх цугларсан нөөцийг хуваарилах асуудал үүсэх бөгөөд энэ нь гэхдээ суурь онол биш, харин дараагийн шатны асуудал байх нь. Адам Смитийн “Үндэсний баялаг” зохиолд хөдөлмөрийн хуваарь гарах шалтгааны тухай өгүүлэхдээ сайхан сэтгэлийн үрээр биш харин хувийн ашиг сонирхлын үр дүнд хөдөлмөрийн хуваарь үүссэн гэж тайлбарласан байдаг. Хязгаарлагдмал нөөцийн хуваарилалт дээр хөдөлмөрийн хуваарь болон өрсөлдөөн үүсэх нөхцлийг тайлбарласан энэхүү ойлголтыг дараа үеийн эдийн засагчид таслан авч хөгжүүлж явснаар Адам Смитийн ёс суртахууны талаарх ойлголтууд гээгдэж хоцорсон байдаг учраас бидэнд ирсэн онолууд нь хомс нөөцийн төлөөх цэвэр зэрлэг өрсөлдөөний тухай, хязгааргүй өсөн нэмэгдэх хувийн эрэлт хэрэгцээг хангах тухай л ярьж номлож иржээ. Гэхдээ “Үндэсний баялаг” номонд харилцан хамааралтай оршин тогтнох тухай, дангаар орших боломжгүй тухай цухас авч үзсэн байдаг ч харамсалтай нь эдийн засгийн онол энэ чиглэлд хөгжөөгүй байдаг.
Тэгэхлээр бид хүн гэдэг утгаараа хамтрах, нэгдэхийн ач тусыг мэддэг байх нь хамгийн чухал бөгөөд харин хамтаар байхдаа бүлгийн нөөцөө хэрхэн хуваарилах арга замаа шийдэх нь түүнээс жижиг, дараагийн асуудал болж байна. Иймд Теодер Драйзерын “Мундаг эр” зохиолд гардаг шиг том загас нь жижгийгээ барьж идэх зэрлэг өрсөлдөөний хууль нь хүн төрөлхтөний амьд үлдэх замыг тодорхойлж чадахгүй нь бидний туулж ирсэн хөгжлийн замын мухардлаас харагдаж байна.
За ингэсгээд зогсоё доо. Хэрвээ хүмүүст сонирхолтой байвал цааш нь Маслоугийн онол болон Агентын онол дээр тулгуурлан шинэ хөгжлийн хандлагыг тайлбарлана аа. Энгийн байдлаар бичсэн учраас үг найруулга мөн тэр хэмжээндээ байгаа шүү, өршөөгөөрэй.
Т.Цэнд-Аюуш (Ph.D)
СЭЗИС-ийн профессор
Сонирхолтой хийгээд санал нэг. Би бас судлаж буй нэгэн, санал солилцоход таатай байна.
сонирхолтой шүү