Төр өмчдөө эзэн шиг хандаж чадахгүй. Тиймээс төрийн өмч аль болох бага байх ёстой.

СЭЗИС-ийн ахисан түвшний профессор, Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуштай төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар ярилцлаа.

-Нэг жишээ яръя л даа. Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг. Нэг хэсэг хүмүүс энэ салбарыг аваръя гэдэг. Харин бизнес талаас өмчлөх эрх нь төрд байгаа салбарыг аваръя гэдэг бол төрийн нэр барьж авлига хийж байгаа хүмүүст тусалъя гэсэн үг гэж тайлбарлаж байгаа. Эндээс улбаалаад төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай ажилладаг, тэдгээрийг яагаад хувьчлах ёстойг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Компаниудыг яагаад төрд авч байна вэ гэдгээс эхэлж харах ёстой. Төр стратегийн ач холбогдолтой компаниудыг өмчилдөг, эсвэл үнэ барих, инфляцийг барих гэх мэт төрийн аль нэгэн чиг үүргийг гүйцэтгэж байгаа компанийг төрд авч болно. Эсвэл нийтийн бараа үйлчилгээ буюу хэн ч орж ажиллахгүй, ашиггүй хэрнээ нийгэмд байх ёстой салбарын компанийг төр эзэмшиж болно. Мөн төрөлхийн монополиуд төрд байдаг. Ийм зорилгоор төр өмчтэй байх нь дэлхийн жишиг л дээ. Таны ярьсан эрчим хүчний салбар гэхэд дээрхээс аль шалтгааны улмаас төрийн өмчинд байгаа вэ? Магадгүй энэ бүх үүргийг гүйцэтгэдэг үү? Жишээ нь төрөлхийн монополь уу, үнийг барьж байгаа юу, стратегийн ач холбогдолтой юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүнийг манай улс хууль, журмаараа яаж тодорхойлж, томьёолсон бэ гэдэг нь чухал. Тодорхойлолтонд нийцсэн компани л төрийн мэдэлд ямар нэгэн хэмжээгээр байна гэсэн үг. Стратегийн ач холбогдолтой гэдгийг юугаар хэмжээд байгаа юм бэ гэдгийг ойлгомжтой болгочих юм бол түүнд эрчим хүч орох уу гэдэг нь гараад ирнэ. Эндээс төр ерөөсөө өөртөө өмчтэй байя гэвэл шалтгаан нь тодорхой байх ёстой гэсэн үг. 

Яагаад МИАТ ХК-г төр өөртөө байлгадаг юм бэ? Яагаад төр өөр компани нэмж өмчлөөд, шинээр үүсгэн байгуулаад байгаа юм бэ? Энэ асуултанд хариу өгөх тодорхой, нэгдсэн хэмжүүр, шалгуурууд байх ёстой. Гэтэл “чухал юм аа” гэдэг ойлгомжгүй хандлагаар байж таарахгүй. Төрийн өмчийн тухай бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон хууль, эрхзүйн зохицуулалт байх ёстой.  Зүгээр тогтоолуудаар өөрчлөөд байж болохгүй. Тогтоол гаргаж зохицуулалт хийгээд байгаагийн сул, хортой тал нь гаргаж буй этгээдийн эрх мэдлийн түвшин дор, тогтворгүй, алсын хараанд биш харин цаг үеийн байдалд төвлөрсөн, улс төрийн нам хүчний ашиг сонирхол туссан байдаг. Төрийн өмчийн талаарх бодлого аль нэг яам, засгийн газрын тогтоолоор ойр ойрхон өөрчлөгдөөд байж таарахгүй. Энэ бол тогтвортой байх ёстой.

-Тэгвэл манайх энэ шалгууруудыг хангаж чаддаг уу?

-Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Үнэхээр хувьчлах нэгийг нь яаралтай хувьчилмаар байгаа юм. Яагаад төрийг муу менежер гэдэг юм бэ гэхээр угаасаа л тийм байхаас өөр аргагүй бүтэц. Төр сайн менежер байх хэцүү. Зарим хүмүүс боломжтой гэдэг.  Эдийн засгийн хуулиараа энэ нь боломжгүй зүйл. Төр хувь хүн шиг, эзэн шиг байж чадахгүй. Тийм учраас төрийн өмч аль болох бага байх ёстой. Нөгөө талаар төрд өмч байдаг бол тэр нь дээр дурьдсанчлан маш тодорхой шалтгаантай, шалгууртай байгаад түүн дээрээ жил бүр тусгай үнэлгээ хийж, цаашид төрд байх шаардлагатай эсэхийг нь компани тус бүрээр үнэлж тогтоож, улмаар шаардлага байхгүй болсон компанийг нь хувьчилж байх ёстой. Ингэж учир шалтгаанд тулгуурлан хувьчлалын жагсаалтыг гаргадаг болохоос биш манайх шиг гэнэтхэн л дураараа, улс төрийн шалтгаанаар нэг мэдэхэд л 17 компани хувьчилна, эсвэл 11-ийг хувьчилна гээд яагаад  ч юм нэг жагсаалт гаргаад зарлаад байж таарахгүй. Түүнийг хэн гаргаад ирсэн юм, тэр жагсаалтад тухайн компани яагаад орчихов, хувьчлалаа яаж, ямар үе шаттайгаар хийх гэж байгаа юм гэдэг тодорхой үндэслэл, төлөвлөгөө, төсөв байдаггүй.

-Төрийн өмчит 98 компани, аж ахуй нэгж өнөөдөр байна. Эдгээрээс бараг тал хувь нь алдагдалтай ажилладаг тооцоолол байдаг. Үнэхээр алдагдалтай ажиллах нөхцөл шаардлага нь байгаад байна уу, улсаас заавал татаас өгөх ёстой хэрэг үү?

-Төр яагаад муу менежер юм бэ гэхээр гүйцэтгэх удирдлагад нь, ТУЗ-д нь мэргэжлийн хүмүүс байдаггүйтэй холбоотой. Гүйцэтгэх захирлаар нь нэг улч төрч, харин ТУЗ-д нь төрийн аль нэгэн албаны мэргэжилтнүүд очдог. Энэ утгаараа тэр хүнд бизнесийн туршлага, мэдлэг байдаггүй. Тухайн компанийн хувьд  төр зохицуулагчийн үүрэг болон хувьцаа эзэмшигчийн үүргээ ялгадаггүй. Бүгдийг нь сайхан хольж хутгаад тавьчихдаг. Сангийн яамнаас төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн яамаа төлөөлж байгаа гэдэг сэтгэлгээтэй, тийм ажлын чадвар, туршлагатай л хүн байдаг. Тэр хүн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд компанийн эрх ашгийг төлөөлж оролцож байгаа гэдгээ ойлгодоггүй. Тиймээс компанийн эрх ашгийг хөндсөн асуудалд яамны эрх ашгаар ханддаг. Компани гэдэг ангилал бизнес гэсэн үг шүү дээ. Нэгэнт л төрийн өмчийн аж ахуй нэгж “компани” ангилалд  байгаа л бол тэнд үр ашигтай үйл ажиллагаа явуулж байх ёстой. Түүнийг хэмждэг хэмжүүр нь тодорхой байх ёстой. Гүйцэтгэл нь хэмжигдэхүйц байх хэрэгтэй. Түүнийх нь дагуу ТУЗ нь чиглүүлдэг, удирддаг байх ёстой. Манайд төрийн өмчит компанийн удирдлагууд нь мэргэжлийн бус, ихэнх нь улс төрийн томилгоотой нөхдүүд орчихсон, мэргэжлийн хараат бус хүмүүсийг удирдлагадаа оруулах сонирхолгүй байдаг.

Түүнээс гадна төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа нэг асуудал бол “их хэмжээний хэлцэл” гэдгийг тодорхойгүй байлгадаг. Үүний дор маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Хуулийн цоорхой гэж хэлж болно. Хэрэв эзэн хүн хувийнхаа компанийг удирдаж байсан бол их хэмжээний хэлцлийг бушуухан хязгаарлаж өгнө. Тэдээс дээш мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг гүйцэтгэх захирал мэднэ, түүнээс дээшхийг нь ТУЗ мэднэ, тэрнээс дээш бол хувьцаа эзэмшигчид мэдэж шийдвэр гаргана гээд дүрмээрээ зохицуулчихсан байгаа. Түүнийг хянадаг аудитын хороо, хараат бус мэргэжлийн гишүүд нь байх ёстой. Гэтэл төрд тийм зүйл байхгүй. Гэрээ хэлцлийн хэмжээг тавих сонирхолгүй. Хуулиараа явж байгаа л гэдэг. Гэтэл Компанийн Тухай Хуулиар бол их хэмжээний хэлцэл гэдэг нь активын 20 хувь хүрээгүй бол их хэмжээний гэхгүй байж болно гэж заасан байдаг нь их том хөрөнгө бүхий компанийн хувьд бараг хэр баргийн хэлцэл их хэмжээний хэлцэлд орохгүй байх хууль зүйн үндэс бүрдчихсэн, тэрнийг нь төрийн өмчит компаниуд тэр чигээр нь, нэмэлт зохицуулалтыг дүрмээрээ хийж өгөхгүйгээр явуулаад байх далд сонирхолтой. Нэг ёсны хулгай хийх хууль зүйн үндэс, нөхцөл нь ингээд бүрдчихсэн байна гэж хэлж болно. Учир нь их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл дотор л бүх шахаа, хулгайн хэлцлүүд явагдаад байгаа шүү дээ.  

-Төрийн өмчийн ТУЗ үүрэг хүлээж, хариуцлагатай, хараат бус, мэргэжлийн ажиллах ёстой гэлээ. Яагаад тэд мэргэжлийн байж чадахгүй байна вэ?

-Үндсэн суурь хуулийн гаргалгаа нь байдаггүй. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн тухай хууль байхгүй. Одоо зохицуулж байгаа хуулийнхаа хүрээнд сэтгэл байвал хийж болно л доо. Гэхдээ түүнийг хийх мэргэжлийн болоод улс төрийн сонирхол байдаггүй. Ингэхээр тэнд яг нөгөө л эзний бус сэтгэлгээгээр ханддаг. Хариуцаж буй төрийн албаныхан, мэргэжилтэнгүүд нь  хэл амны нэмэр гээд орхичихдог, дээрээс нь улс төрийн шахалт дарамт ихтэй. Хэрэв тэнд эзэн нь байсан бол зүтгэж байгаад ТУЗ-өө мэргэжлийн байгуулна. Мэргэжлийн байгуулах нөхцөл боломж бол ямар нэгэн хэмжээгээр байгаа. Гэхдээ л намуудын цавчаанд ороод, намуудаас томилогдсон захирлууд байгаа учраас олон юм ярихгүй шүү дээ. Хэрэв компанийн гүйцэтгэх удирдлага нь ч тэр, ТУЗ нь ч тэр мэргэжлийн байх юм бол улс төрчид халдаад байж чадахгүй. Сайд нар солигдлоо ч гэсэн компаниуд бие даасан, мэргэжлийн байгаа нөхцөлд улс төрийн томилгооныхон эрх мэдлээ хэтрүүлэх боломж хязгаарлагдана.

-Төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажилладаг талаар лавшруулж асуумаар байна?

-Манайх төрийн өмчийн компани, төрийн өмчийн аж ахуй нэгж гэж юуг хэлэх вэ, төсөвт байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийг ялгаж заагласан зохицуулалт болон хэрэгжүүлэлт муутай. Жишээ нь, төрийн өмчийн “компани” гэдэг ангилал руу орсон л бол ашиг алдагдлаа тэнцүүлж явах ёстой. Бүр ашигтай ажиллах ёстой. Эсвэл төсөвт байгууллага юм бол сургууль, цэцэрлэг шиг төсвөөс татаас аваад явна. Манайх энэ ангиллаа бас л хольж хутгачихсан. 100 хувийн төрийн өмчтэй мөртлөө хувьцаат компани ч байх шиг. Жишээ нь, МИАТ ХК. Ийм л замбараагүй ангилалтай. Үүний цаана компани, үйлдвэрийн газар, төсөвт байгуулагын ялгаамжтай зохицуулалт, шаардлага сайн тавьдаггүй л гэсэн үг.

Олон улсын туршлагаар компаниудад төрөөс санхүүжилт өгөхдөө компани төсөвт байгууллага биш учраас яг ямар үйл ажиллагаан дээр санхүүжилт авч байгаа нь маш тодорхой байдаг. Жишээ нь, нийтийн тээврийн хувийн компани үнэ өсгөхгүй байх төрийн үүргийг гүйцэтгэж байна гэж бодъё. Төр тэр ажлаа хийлгэхийн тулд тухайн компанид яг эдийн засгийн үндэслэлтэй татаас олгох ёстой. Татаасаас бусад хэсэг дээр компани ашигт ажиллагаагаа хангаж байх ёстой. Гадны улс орнуудад аливаа компанийн үйл ажиллагааг төрийн татаастай холихгүйн тулд хоёр төрлийн данс ашигладаг. Арилжааны данс, арилжааны бус данс гэж. Арилжааны данс гэдэг нь  өрсөлдөөнөөр өөрсдөө олдог орлогоос бүрдэнэ. Арилжааны бус гэдэг нь төрийн үүргийг гүйцэтгэж байгаагийн төлөө авсан татаасаа хийгээд түүнээсээ зориулалтын дагуу ашигладаг. Тэр нь хувьцаа эзэмшигчид, бусад бүх талуудад ойлгомжтой, нээлттэй байх ёстой. Харин манайд бол хольж хутгаад тэр мөнгө нь өөр зориулалтаар зарцуулагдаад явдаг. Түүнийг ТУЗ нь хэмжихэд ч хэцүү, тайлангаа гаргаж байгаа хүмүүст ч төвөгтэй. Үүнийг зохицуулах ёстой.

-Тэгвэл төрийн өмчит компаниуд алдагдалгүй ажиллах боломжтой юм биш үү?

-Төрийн өмчит компанийн ангилалд орсон л бол алдагдалгүй л ажиллахыг зорих үүрэгтэй. Хоёрт, элдэв татаас хөнгөлөлт авч байгаа бол компани түүнийгээ арилжааны үйл ажиллагаанаас салгах хэрэгтэй. Ингэснээр хяналт тавих бололцоо үүснэ. Төр ч өөрийн өгсөн хөрөнгө мөнгийг хянана, компани ч ашигт ажиллагаагаа хянах бололцоотой. Ингэж татаас авсан компани зах зээл дээрх өрсөлдөөнийг эдвэхгүй байх нь хамгийн чухал. Хувийн компаниуд үйл ажиллагаа явуулж байхад баахан татаас, хөнгөлөлттэй зээлтэй төрийн нэг компани орж ирээд нөгөө хэдийнхээ үнийг будаа болгож болохгүй. Олон улсад, Европын орнуудад тухайн зах зээл дээр ажиллаж байгаа хувийн компаниудын өөрийн хөрөнгө, өр зээлийнх нь харьцааг жишиг болгоод тэр дагуу нь энэ харьцаанаас хэтрүүлэхгүйгээр төрийн үүргийг гүйцэтгэж буй компаниудад татаас, хөнгөлөлт олгож байдаг. Энэ харьцаа алдагдсан нөхцөлд зах зээлийн эрүүл өрсөлдөөний орчныг төрийн өмчит компани эвдэж эхэлдэг.  Үүнээс хамгаалсан арга барилыг төр санхүүжилтээрээ дамжуулан  хэрэгжүүлдэг байх ёстой ч манайд юун тэр арга барил хэрэглэх манатай.

-Нэгэнт төр данхар байна. Хувьчлах хэрэгтэй гэдэгтэй бүх нийтээрээ санал нийлдэг. Тэгвэл яаж хувьчлах ёстой вэ?

-Олон улсын туршлагаар улс орон болгон өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, Англид нэг хэсэг төр компаниудаа төрдөө аваад сүүлдээ буруу юм байна гээд тултал нь хувьчилсан. Манайд угаасаа данхар байгаа нь ойлгомжтой. Манай төр аж ахуйн ажил руу орох маш их сонирхолтой. Энэ сонирхлыг хязгаарлах арга нь хариуцлагын тогтолцоог төрийн албаны шатлал бүрт сайжруулчихвал төр олон компани авах сонирхолгүй болно. Манайд энэ систем тодорхойгүй учраас болж л өгвөл төрд аваад, явж очоод мөнгө хөрөнгөө угаагаад байдаг. Компанийг төрд байлгаснаар ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой болгочих. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа яамдуудтай хариуцлага ярина. Тэнд байгаа мэргэжилтэн, яг тэр ажлыг хашиж байгаа хүнтэй хариуцлага тооцдог болчих юм бол аяндаа хэрэггүй юмнаасаа салж эхэлнэ.

Төрийн өмчит компанийн хувьчлалыг мэргэжлийн, хараат бус зөвлөл байгуулах замаар, хувьчлагдах болсон шалтгааныг үнэлж тогтоосон үндэслэлтэйгээр, мөн одоогийн болон ирээдүйн бизнесийн үнэ цэнийг нь зөв хэмжсэн мэргэжлийн үнэлгээнд суурилсан байдлаар, шат дараалалтайгаар хийх ёстой. Жишээ нь, төрийн өмчийн тухайн компанийн үнэлгээн дээр маш сайн хяналт тавиад өгөх ёстой. Одоо манайд төрийн битгий хэл хувийн компаниуд хувьцаагаа олон нийтэд гаргах явцад бизнесийн үнэлгээн дээр маш их алдаа гарч байна.  Үнэлгээ үнэхээр асуудалтай байна. Тэгээд 10%-иа гаргах нэрээр хувьцаа авч байгаа хүмүүсээ шулдаг. Орж ирсэн мөнгө өөр зүйлд зарцуулагддаг, эргээд хянах боломж байхгүй, хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг эдэлж чадахгүй л явж байна. Эцэст нь хувьцаа авсан хүмүүс л хохирч байгаа. Хэзээ ч хувьцааных нь үнэ өсдөггүй. Тэгэхээр үнэлгээг хэн хийж байна, ямар үнэлгээ гаргаж байна, үнэн юм уу гэж харах ёстой. Түүн дээр мэргэжлийн хүмүүс байх ёстой юм. Манайд бизнесийн үнэлгээ хийж байна гэхээр зүгээр л хөрөнгө үнэлдэг хүмүүс хийчихдэг. Тэд бизнес үнэлж чадахгүй. Чанарын үнэлгээ байхгүй, хагас дутуу.

Төрийн өмчийн компанийг хувьчлах зорилгоор үнэлж байгаа бол бизнесийн үнэлгээг олон улсын хэмжээнд гаргаж ирж үнэлээд түүнийхээ хичнээн хувийг хувьчлах вэ, ямар үе шаттай явагдах вэ, шилжилтийн үед төр өөрийнхөө хяналтыг яаж тавих вэ гэдгийг тодорхой зааж, төр өөрийнхөө үүргээс алхам алхмаар холдож, хувьчлал хийгдэх ёстой.Учир нь хувьчлалын дараа тэр компани илүү сайн, найдвартай, тогтвортой ажиллах ёстой шүү дээ. Түүнээс биш анхны цэнхэр, ягаан тасалбар шиг юм болоод өнгөрч болохгүй.

 

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бусад мэдээлэл