Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ийн гишүүд, Засгийн газрын гишүүд Компанийн засаглалыг монголд хөгжүүлэх асуудлаар холбогдох байгууллага болох Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн гишүүдтэй 2010 оны 01 сарын 15-ны өдөр бизнес өдрийн хоол зохион байгуулж уулзлаа. Уулзалтанд УИХ-ын ЭЗББ Хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, СЗХ-ны даргаД. Баярсайхан болон холбогдох асуудал эрхэлсэн зөвлөхүүд оролцсон бөгөөд харин Компанийн Засаглалын Хөгжлийн Төв/КЗХТ/-ийн гишүүн байгууллагууд болох СЭЗДС, Голомт Банк, Хаан Банк, Хас Банк, Монос Групп, Нью Ком групп, Энержи Ресурс , Моби Ком, АПУ, Бодь Даатгал, Туул Сонгино Усны нөөц компаниуд, Хөгжил Финанс ББСБ-уудын захирал, ТУЗ-ийн дарга нар оролцлоо. Мөн Компанийн Засаглалын зарчмуудыг Монголд хөгжүүлэх асуудал дээр тусалж дэмжиж ажилладаг олон улсын байгууллагууд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци, АНУ-ын ОУХА төслийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү бизнес өдрийн хоолны үеэр Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр болсон компаниудын эрүүл, зөв хөгжлийг хангахад, цаашлаад олон улсын болон дотоодын зах зээл дээрээс компаниуд хөрөнгө оруулалт татахад нэн чухал эх суурь нь болсон компанийн сайн засаглалыг хөгжүүлэх асуудалд Ерөнхийлөгч ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, энэхүү ажлыг санаачлан эхлүүлээд байгаа КЗХТ-ийнхөнд талархаж байгаагаа болон цаашид энэ ажлаа улам бүр өргөжүүлэн, идэвхтэй ажиллахад өөрийн зүгээс тусалж дэмжин ажиллахаа цохон тэмдэглэлээ.
Монголын компаниуд дэлхийн хэмжээнд хүрч байж дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах учраас ийм түвшинд хүрэхийн тулд компаниуд ямар өөрчлөлтийг хийж эхлэх ёстой болон өнөөдөр компаниудын нөхцөл байдал ямар байгаа талаар, түүнчлэн компанийн засаглалын тулгуур зарчмууд болох ил тод, нээлттэй, хариуцлагатай, тооцоотой байх тал дээр компаниудыг өөрчлөлт хийх чиглэлд хэрхэн хөшүүрэгдэх ёстой талаар компанийн захирлууд өөрсдийн санал бодлыг илэрхийллээ. Хэлэлцүүлгийн эцэст компанийн засаглалыг хөгжүүлэхэд хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлж өгөх, гаргасан хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, компаниуд өөрсдөө хэрхэн ажиллах, энэ бүх ажилд КЗХТ ямар үүрэгтэй оролцох талаар оролцогсод харилцан санал бодлоо илэрхийлж хамтран ажиллахаар тохиролцлоо.