Төрийн өмчит компаниудын засаглал, өр зээлийн асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдсөөр ирсэн. Маш олон компани алдагдалтай ажилладаг, дампуурлаа зарладаг нөхцөл байдалтай байгаа. Санхүү эдийн засгийн их сургууль, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран, судлаач багш нар, магистрийн оюутнуудын санаачлагаар төрийн өмчит компаниудын засаглалын ил тод байдлын талаар хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан юм. Төрийн өмчит компаниудын засаглал, цаашлаад өр төлбөрийн асуудал яагаад үүсдэг талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Төрийн өмчийн компаниуд яагаад өр зээлтэй болчихдог, эрх зүйн зохицуулалт ямар байгаа гэх мэт тал бүрээс нь мэргэжлийн хүмүүс үнэлж дүгнэж байна. Таныхаар энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Төрийн өмчит компаниудын нэгдсэн тайлан гаргалт ямар байгаа, их хэмжээний хэлцэлүүд, өр төлбөрийн асуудлыг яагаад хэн ч хөндөж ярихгүй байгаа нь хачирхалтай. Мөн компаниудын түвшинд ч гэсэн мэдэж байгаа хүмүүс нь энэ талаар ярихаас их л цааргалдаг болж. Гэтэл бодит байдал дээр төрийн өмчит компаниуд дор бүрнээ өөртөө ахадсан өр зээлтэй, тэр нь тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулагддаг эсэх нь тодорхойгүй, эргээд компанийнхаа тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний өр зээлүүд их тавигдсан байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” компани гэхэд л “Таван толгой түлш” компани байгуулж, 270 тэрбумын хөрөнгө оруулсан гэгдэж байгаа. Гэтэл энэ компанийн өнөөгийн дүр төрх ямар байна вэ. Байгаль орчноо бохирдуулсан, хүн ардын эрүүл амьдрах эрхэнд маш бүдүүлгээр халдсан, химийн тодорхойгүй орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлж, тэрнийх нь хог хаягдал хотын эргэн тойронд сул хар хөрс болон эргэлдэж байна. Үүнийг захын хэрэглэгчээс асуухад байгалийн нүүрснээс хэд дахин хортой, хаягдалтай бохирдолтойг хэлээд өгнө. Гэтэл энэ “Таван толгой түлш” компани маш их өр зээл тавин байж ийм болхи үйл ажиллагаа явуулж байгаагийн цаана мөнгө угаах үйлдэл нуугдаж байгаа гэж хардах үндэслэл бий. Энэ компани саяхныг хүртэл дотоод аудиторгүй, ТУЗ нь компанийнхаа үйл ажиллагааг мэддэггүй, хол тусдаа ажиллаж ирсэн байна. Мөн “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) ангилалтай, ганцхан захирал бүх шийдвэрийг толгой мэдэн гаргаж, энэ том айл ашиг олвол үр дүнгийн урамшууллыг дангаар хүртэх, алдагдал хүлээвэл мөн хувийн хариуцлагаа ганцаараа үүрэх гэсэн хариуцлагын тогтолцоотой ажиллаж байна. Гэтэл ийм том компани яахаар ганцхан хүний хариуцлагаар хязгаарлагдан ажиллаж байна вэ. ТУЗ гэж байхгүй. Эрдэнэтийн өр ба өөрийн хөрөнгөний харьцаа саяхан тун аятайхан зөв тоонуудаар илэрхийлэгдэх болсны цаана өр зээл нь буураагүй. Зөвхөн өөрийн эзэмшиж буй газрын тусгай зөвшөөрлөө дахин үнэлгээ хийлгэх замаар өөрийн хөрөнгөө өсгөснөөр өр зээл ба өөрийн хөрөнгийн харьцаа сайжирсан мэт харагдаж байна. Иймэрхүү балансын, санхүүгийн булхайг хэн, хэрхэн хянаж, хэнд тайлагнаж байна вэ гэдгийг анхаарч үзэх ёстой.
–Өр зээлийн асуудлууд үүсээд байдагт ТУЗ хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ хариуцлага алдагдаад байна уу?
-Ийм том төрийн өмчит компаниудын авсан өр зээлүүд төсөвт суудаггүй учраас хараа хяналтаас гадуур байдаг бөгөөд уг нь үүнийг тухайн компанийн ТУЗ нь мэргэжлийн ажиллаж, бизнесийн зарчмаар хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Гэвч мөн л ингэж ажиллахгүй байгаа жишээг бид саяхан болсон “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрсний хулгайн асуудлаас харж болно. Нүүрсний хулгайн гэх энэ хэрэг учир нь олдохгүй байгаа ч уг нь олон улсын засаглалын зарчмаараа шийдээд явбал ТУЗ энэ үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргасан л байж таараа. Тэрхүү шийдвэр, тогтоолуудыг хөөж үзээд гаргасан шийдвэр, түүнийг дэмжсэн гишүүдийг нь хариуцлагад татах байдлаар ТУЗ-ийн хүрээнээс эхэлж шалгах ёстой. Гэтэл манайд бүх зүйл эсрэгээрээ болж байна.
-“Эрдэнэс монгол” ХХК ТУЗ-ийн асуудал сүүлд хөндөгдөж эхэллээ. ТУЗ-ийн 180 гишүүнийг чөлөөлж 800 сая төгрөгийн хэмнэлт хийлээ гэж байгаа. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн талаар та юу гэж харж байна?
-“Эрдэнэс монгол” ХХК нэгдэл буюу групп компанийн хэлбэрт шилжиж ажиллахаар дүрмээ группийн хэмжээнд баталлаа гэж гуравдугаар сарын сүүлээр зарлалаа. Үүний цаана олон улсын засаглалын сайн туршлагаар ажиллах, мэргэжлийн ТУЗ энэ том группийг удирдах болж байгаа юм байна. Энэ нэгдэлд нь “Эрдэнэт” ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, “Монголросцветмет” ТӨҮГ гэх мэт уул уурхайн компаниуд нэгдэж байна. Энэ өөрчлөлтийг хэлбэрийн төдий бус, жинхэнэ бизнесийн зарчимд тулгуурласан бодит өөрчлөлт байлгахын тулд ганцхан группийн дүрэм болон төрийн өмчийн компаниудыг зохицуулах хууль эрх зүйн өөрчлөлтийг батлах нь хангалтгүй юм. Мэдээж эдгээр хуулиуд батлагдана гэдэг нь нэг талаасаа том дэвшил. Гэвч хууль болон дүрэм хөрсөн дээр бууж хэрэгжих гэдэг нь бүтцийн оновчтой байдалтай шууд хамааралтай. “Эрдэнэс монгол” ХХК болон бусад төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг удирдан зохицуулах, төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэх байгууллага нь өөрөө ямар бүтэц тогтолцоотой байх вэ гэдгийг авч үзье. Уул уурхайн компаниудаа хариуцаж байгаа”Эрдэнэс монгол” ХХК амжилттай үйл ажиллагаа явуулж, урт хугацаанд тогтвортой ажиллахын тулд нэгдүгээрт, өөрийн дотоод бүтцээ ТУЗ-ийн эрх үүргээс эхлээд гүйцэтгэх удирдлагын багийн ил тод тайлагнал, хариуцлагын тогтолцоог оролцуулан үе шаттайгаар сайн хийх, хоёрдугаарт, гадаад буюу төрийн өмчит аж ахуй нэгжийн нэгдсэн бүтцэд “Эрдэнэс монгол” ХХК ямар байр суурьтай хэрхэн уялдаж ажиллахаа тодорхой болгох, ялангуяа улс төрийн нөлөөллөөс хэрхэн ангид ажиллах вэ гэдэг нь хамгийн чухал юм.
-Манайд ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн удирдлага зохион байгуулалт, бүтэц нь эрх зүйн зохицуулалтын улмаас өнөөдөр ямар байдалтай байна вэ. Энэ бүтэц одоо хэрхэн өөрчлөгдөх бол?
-Төрийн өмчийн хороо гэдэг статустай байгууллага байхдаа төрийн өмчийн удирдлага, хяналтыг нэг дороос төвлөрүүлэн хэрэгжүүлж байсан ч дараа нь “Эрдэнэс монгол” ХХК-ийг байгуулж, тухайн үеийн уул уурхайн компаниудыг тэнд зангидан удирдах, үлдсэн төрийн өмчит байгууллагуудыг нэгтгэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон харъяа яамдууд нь удирдаж, хянаж ирсэн холимог тогтолцоонд шилжсэн. Харамсалтай нь хууль эрх зүйн зохицуулалт дутмаг, алдаатай явж ирсний улмаас дээрх компани байгуулагдсан зориулалтынхаа дагуу ажиллаж чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Мөн яамдууд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нэн сонирхолтой учраас харъяа ТӨК-уудын ТУЗ-д суух, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх тал дээр эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, булаацалдаж ирсэн байдаг. Гэвч энэ замбараагүй тогтолцооны үр дагаварт хариуцлага хүлээх эзэнгүй, улс төрийн олон том, жижиг сонирхол болон хувийн ашиг сонирхол үйлчилж ирсэн юм. 2021 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь 53.4 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1.03 их наяд төгрөгийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого нь 8.7 хувиар, харин цэвэр ашиг нь 407 хувиар буюу 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Яагаад ашиг нэг жилийн хугацаанд ингэж огцом нэмэгдсэнийг тайлбарлах хэн байна, энд санхүүгийн ямар тооцоолол арга ашигласан бэ. Энэ тоо хаанаас хэдэн үе шат дамжин гарч ирсэн бэ гэдэг нь сонирхолтой. Төрийн болон Орон нутгийн өмчийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн Төрийн өмчийн компанийн тухай хуулийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаад талархалтай хандаж байна. Гэвч энэ хуулийн төслүүдийг хийхэд мэргэжлийн хүмүүсийн оролцоог хэр хангасан, хуулийн хэрэгжилт эргээд бодит байдал, бүтэц зохион байгуулалт, төрийн албаныхны ёс зүйн хэм хэмжээ, эдийн засгийн үр өгөөж, улс төрийн оролцоог бууруулах хаалтууд гэх мэт хуулийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байдаг бусад хүчин зүйлсүүдтэй хэрхэн уялдаж байгаа гээд олон чухал асуудлууд хөндөгдөхгүй орхигдож байна.
-Орон нутгийн өмчит компани гэж бас бий. Тэдний хувьд засаглалын ямар асуудал тулгарч байна вэ. Тэнд ч дээрхтэй ижил асуудлууд гардаг уу?
-Төрийн өмчит компаниудын хэмжээнд яригдаж байгаа эдгээр зөрчил дутагдлууд нийслэлийн өмчит болон дүүргийн, орон нутгийн өмчит компаниуд дээр очихоор бүр их гажуудсан, алдаатай хэрэгжүүлэлттэй тулгарч байгаа. Тухайлбал нийслэлийн өмчит компаниуд нь Удирдах зөвлөл гэж нэрлэгдэх ТУЗ-аар удирдуулдаг. Тэнд нь иргэдийн төлөөлөгчид өөрсдөө ороод суучихсан, бизнесийн мэргэжлийн туршлага, ур чадвар байхгүй. Нийслэлийн өмчийн газартайгаа хэрхэн уялдаж ажиллахаа мэддэггүй. Хариуцлага, хяналтын тогтолцоо байхгүй. НИТХ-аараа өөрсдөө төсвөө батлаад, өөрсдийнхөө ТУЗ-д нь суудаг компани руугаа хуваарилаад, өөрсдөө удирдан зарцуулаад, эргээд өөрсдөө хянаад сууж байна. Ийм гажуудсан тогтолцоогоор төрийн өмчийг удирдан, компани нэрийн доор захиран зарцуулж байна. Нийслэл нь есөн дүүрэгт хуваагддаг мөртлөө дүүрэг нь өөр өөсдөө мэдээд компани байгуулаад явчихсан. Түүнийг нь нийслэл удирдаж, хянаж чаддаггүй. Орон нутагт мөн ялгаагүй орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгуулаад явчихсан. Иргэдийн төлөөлөгчид нь ороод суучихсан ТУЗ-тай, тэр нь хэрхэн ажиллах талаараа мэдлэггүй, хараа хяналтгүй, зарим үйлдвэрийн газрын ангилалтай газрууд нь ТУЗ байгуулчихсан явж л байдаг. Нийслэлийн орон сууцны корпораци, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци гэх мэт корпорациудын статус, санхүүжилт, бүтэц, үйл ажиллагаан дээр нь хэн хэрхэн хянаж ажиллаж байна вэ. Нийслэлийн төсвөөс санхүүждэг мөртлөө компани ангилалд бизнес хийгээд явж байж таарах уу гэдгийг эргэж харах ёстой.
-Төрийн өмчит компаниудын өр төлбөр дээр засаглал хэрхэн хэрэгжиж байна вэ. Компанийн засаглалаар ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжүүд байдаг?
-Төрийн өмчийн асуудал тухайн компани аж ахуй нэгж дээрээ очихоор мөн л олон асуудал, ойлгомжгүй байдал дагуулж байна. Тухайлбал, компани ангилалд орсон л бол ашигтай ажиллахын төлөө зорих хэрэгтэй болно. Гэтэл тухайн компанийн төр болон нийтийн үйлчилгээний үүргүүдийг хэрхэн арилжааны үүргээс нь салгаж үнэлж, дүгнэх, хянах вэ. Тэгж чадаагүй нөхцөлд компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг үнэлэх боломжгүй. Үнэлж чадахгүй бол бид цаашид хянах, сайжруулах тухай ярих боломжгүй. Компаниудын ТУЗ нь улс төрөөс ангид, мэргэжлийн хүмүүсээс бүрддэг байх, тэдгээр нь хариуцлага хүлээж тодорхой 2-3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилладаг байх нь чухал. Гэтэл өнөөдөр улс төрийн томилгоо бүхий ТУЗ-ийн бүрэлдэхүүн нь ойр ойрхон солигддог, хараат бус гишүүд нь үнэндээ хараат бусын шиж чанараа хангаагүй, тухайн компанид хувь нэмэр, үнэ цэнэ авчрах чадваргүй, хэдхэн хүн ээлжилж сонгогдсон байх жишээтэй. ТУЗ нь мөн гүйцэтгэх захирлаа сонгох, чөлөөлөх эрхгүй учраас эрх мэдэлгүй, мэдээлэл байхгүй, нэр төдий. Олон улсын сайн туршлагаар ТӨК-ийн ТУЗ-д улс төрийн нөлөөлөл оруулахгүйн тулд төрийн албан тушаалтнуудыг шууд томилдоггүй. Төрийг төлөөлж сууж байгаа гишүүд нь бизнесийн асуудлууд дээр байнга дээрээс ирсэн удирдамжаар саналаа өгөөд байдаггүй зарчимтай ажилладаг. Хараат бус гишүүнд нь мэргэжлийн, мэдлэг туршлагаараа хүч хийсэн хүмүүс сонгогддог.
-Тэгвэл төрийн өмчит компани хэрхэн ашигтай ажиллах вэ. Хувьчлах нь оновчтой шийдвэр гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Мөн ТУЗ-ийн хараат бус байдлыг хангах ёстой гэдэг?
-Төрийн мэдэлд яагаад тухайн компани байгаа вэ гэдгээ маш тодорхой ойлгомжтой болгоод төрийн мэдэлд байх шаардлагагүй компаниудыг хувьчилдаг болох хэрэгтэй байна. Үнэхээр хувийн компаниуд орж ажиллахгүй, ашиггүй, эсвэл нийтийн бараа үйлчилгээг хэрэгжүүлдэг, стратегийн ач холбогдолтой гэдэг ангилалд тодорхой үзүүлэлтүүдийн улмаас орж байгаа бол төрд байна, бусдаараа хувьд байна гэсэн зарчмаар төрийн өмчит компаниудын тоог багасгах шаардлагатай. Төрийг аж ахуйн ажлаас ангид байлгаж төрийн өмчлөлийн талаарх бодлогоо тодорхой гаргах хэрэгтэй. Дараа нь төрд зайлшгүй байх компаниудаа үр ашигтай ажиллуулахын тулд арилжааны болон арилжааны бус үүргүүдийг маш сайн ялгаж, санхүүжилт болон хэрэгжүүлэлтийн үед нь энэ ангиллаа сайтар мөрдөх нь зүйтэй. Үүний үр дүнд гүйцэтгэлийг хэмжих тодорхой шалгууруудаа зөв тогтоох хэрэгтэй болно. Ингэж байж гүйцэтгэх удирдлага сайн, муу ажиллалаа гэж хэлэх суурьтай болж байна. Харин үүний дараа дотоод ба гадаад хяналтын тогтолцоог, удирдлагын механизмтай нь хамт шийдэх хэрэгтэй. ТУЗ хэрхэн ажиллах, ямар хариуцлага хүлээх, санхүүгийн болон санхүүгийн бус ямар зорилго тавьж, түүнийгээ хэрхэн ил тод тайлагнах вэ гээд. Хэн түүнийг хянаж, шалгаж, баталгаажуулах вэ гэх мэт. Иймээс төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг хараат бус, мэргэжлийн байдлаар бүрдүүлж, ил тод байлгах, тайлагналын олон улсын стандартыг нэвтрүүлэх нь нэн чухал байна.
Б.ЭНХЗАЯА