Ногоон санхүүжилт вебинар боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Компанийн засаглалын хөгжлийн төв /CGDC/ хамтран зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт” вебинар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн байгууллагуудын өмнө тулгараад байгаа хүндрэлүүдийн дундаас цаг уурын өөрчлөлт, түүнээс улбаатайгаар хүртээмжийн жигд байдлаас ялгаварлагдах байдал ихэд анхаарал татах болсон. УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болох зорилт дэвшүүлсэн. Мөн Хорооны дунд хугацааны стратеги, төлөвлөгөөнд ногоон санхүүжилтийг дэмжих судалгаа хийх, зохицуулалтын орчин бүрдүүлэх, тогтвортой ногоон санхүүжилтийг төлөвшүүлэх зорилтыг тусган ажиллаж байгаа бөгөөд бодлого тодорхойлогчийн хувьд ногоон санхүүжилтийг дэмжих арга замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны нийт 250 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн вебинараар санхүүгийн салбарын байгууллагуудад эко системийг дэмжсэн тогтвортой хөгжлийн зарчмууд, шинэ тутам нэвтэрч буй “ногоон бодлого”, “ногоон бүтээгдэхүүн”-ий ач холбогдол, хөгжлийн чиг хандлага буюу ногоон санхүүжилтийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Мөн банкнаас бусад санхүүгийн салбарын санхүүгийн байгууллагуудад эко системийг дэмжсэн тогтвортой хөгжлийн зарчмууд, бичил санхүүгийн эрх зүй, банк бус санхүүгийн байгууллагын салбарын бодлого, зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тогтвортой бичил санхүүгийн тухай ойлголт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, мэдлэг өглөө.

Дашрамд сонирхуулахад, Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг/AFI/ нь 88 орны 100 гаруй санхүүгийн болон зохицуулагч байгууллагын гишүүнчлэлээс бүрдсэн дэлхийн санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хороо 2011 онд 83 дахь гишүүнээр элсэж, 2017 онд захирлуудын зөвлөлийн гишүүнээр, 2020 оноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бусад мэдээлэл